Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143км хатуу хучилттай автозамыг нийт зургаан компани өнгөрсөн оноос эхлэн хэсэгчилэн гүйцэтгэж байгаа билээ. Үүнд “Бадрах Ойл” ХХК 53км, “Арж капитал” ХХК 25км автозамыг ашиглалтад оруулаад байна. “Өвөр залаат” ХХК-ийн 23км болон “Насны зам” ХХК-ийн 27км автозамын хучилтын ажил дуусах шатандаа явж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орно гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Харин “Хансуун зам” ХХК-ийн барьж буй 14 км автозам суурийн ажлын шатандаа явж байгаа нь тус компанийн хөдөлмөр зохион байгуулалт муутай холбоотой гэлээ. Дашрамд дурьдахад “Арж капитал” ХХК нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 25 км замыг барьж ашиглалтад оруулснаа аравдугаар сарын 25-ны өдөр Зам тээврийн хөгжлийн яам, Дорнод, Сүхбаатар аймгийн холбогдох мэргэжилтнүүд улсын комиссын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.