Өнөөдөр ЦЕГ-ын тусгай ангийн алба хаагчдад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал прокурор ирээгүй гэх үндэслэлээр хойшиллоо.
Өнгөрөгч онд буюу 2015 оны аравдугаар сард ЦЕГ-ын тусгай хэлтсийн таван ажилтан архи уун согтуурхаж, хоорондоо зодолдож нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан.Хохирогч Элитийн батальоны дэд ахлагч н.Ууганбаатар зодуулсны улмаас амиа алдсан байдаг. Харин нэг цагдаагийн алба хаагч тухайн үед хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдэж байсан юм.
Уг хэргийг прокурорын байгууллагаас шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар буюу танхайн сэдэлтэйгээр, догшин авирлаж, бүлэглэн бусдад хохирол учруулсан гэж буруутган яллах дүгнэлт үйлдэх саналаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Анхан шатны шүүхээс нийт гурван хүнд буюу н.Цэрэнчимэдийг Эрүүгийн хуулийн 91.2.2-т заасан зүйл ангиар буруутгаж чанга дэглэмтэй хорих ангид 20 жил, н.Төмөрбаатар, н.Батзориг нарыг жирийн дэглэмтэй хорих ангид тус бүр 3.1 жилийн ял эдлүүлэх шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх нийтдээ арав гаруй удаа хойшлогдож ийнхүү шийдвэр гаргасан. Гэвч шүүхийн шийдвэр хүндэдсэн гэх үндэслэлээр давж заалдахаар гомдол гаргасан байна.