Үндсэн хуулийн цэцийн есдүгээр сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн.
Уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт хяналтын шатны шүүх хуралдаанд олонхтой санал нийлээгүй шүүгч өөрийн саналаа тусгай санал болгон шүүхийн шийдвэрт хавсаргах, тусгай саналыг заавал нийтлэхээр үүрэгжүүлэн хуульчилсан юм. Энэ нь Үндсэн хуулийн шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан шийдвэрлэх талаарх заалтыг зөрчсөн гэж үзэж, аравдугаар дүгнэлт гаргасан билээ.
Тэгвэл УИХ Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн, аравдугаар сарын 6-ны өдөр 50 дугаар тогтоол гаргасан байна.
Иймд уг маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан энэ сарын 16-ны өдрийн 9.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болох аж.