Орон нутагт их хэмжээний цас орсоноос халтиргаа гулгаа үүсч зам тээврийн осол гарч байна. Тодруулбал өчигдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Өгөөмөр гэдэг газар “Coronda” автомашин онхолдож, жолооч тус сумын харьят 30 настай А нь нас барсан байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р баг “Хустайн даваа” орчимд 38 настай Л гэгч нь “Istana” маркын автомашин жолоодож яваад замын хажуу руу онхолдож, 1 хүн хүнд, 16 хүн, 2 хүүхэд хөнгөн гэмтсэн байна. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Тиймээс Замын цагдаагийн газраас жолооч нарыг хурдаа тохируулан явахыг анхааруулж байна.