Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүрэгт байрлах Грейс төвийн 2 давхарт эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг газарт шалгалт хийжээ.
Шалгалтаар тус газарт бага эмч мэргэжилтэй П.Ц эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, бариа засал, соронзон резонанс аппаратын оношилгоо хийж байсан нь тогтоогджээ.
Мөн эмийн санд бэлтгэн найруулдаг, шарх угаах, гадуур хэрэглэх зориулалтай ус төрөгчийн хэт исэл /Перкис/ 3 хувийн 1 мл уусмалыг хордлого тайлах, шингэн сэлбэх зориулалттай 0.9 хувийн 250 мл натрийн хлоридын уусмалтай холиод хүний биед венийн судсаар хийж байсан ноцтой зөрчил илэрчээ.
Энэ эмчилгээ нь батлагдсан стандарт байхгүйн дээр хүний биед сөргөөр нөлөөлж болзошгүй аж. Иймд улсын ахлах байцаагчийн актаар эмнэлгийн тусламж үйлчилгээг зогсоож, зөрчил гаргасан бага эмч П.Ц-д “Эрүүл мэндийн тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу захиргааны арга хэмжээ авсан байна.
Сэтгэгдэл (1)