Энэ өдөр билгийн тооллоор өвлийн эхэн сарын 25 бөгөөд буддын шашинтай бүх улс түмэн Богд Зонховын их дүйцсэн өдөр буюу "Зулын 25" хэмээн тэмдэглэж заншсан.
Энэ өдөр сүсэгтэн олон түмэн мацаг барьж, зул өргөж, арван хар нүглийг тэвчин бие, хэл, сэтгэлээ ариусган буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маани түм болж арвиждаг учиртай юм. Энэ өдөр их буян хураана гэсэн үг. Монголчууд зул өргөхдөө энэ ба хойтын буян, өөд бологсдын буянд зориулахын зэрэгцээ мал муулахдаа хүртэл сайн төрөл олохыг ерөөж зул өргөдөг заншил бий.
Энэ жилийн хувьд Зулын 25-ны хоёр өдөр дараалан тохиож байгаагаараа онцлог ажээ. Тиймээс өнөөдөр, маргааш Зулын 25-ны хурал номыг сүм хийдэд хурахаас гадна сүсэгтэн олонд зориулсан буяны номыг Бөхийн өргөөнөө хурах ажээ.