Анхдугаар үндсэн хуулиа баталж, улсаа дэлхий нийтэд зарлан тунхагласны 92 жил, Монгол улсын үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлсэн 11 дүгээр сарын 26 – ны өдөрт зориулсан “Төрийн албаны өдөрлөг” Нийслэлийн Багануур дүүрэгт зохион байгуулагдлаа.
“Төрийн албаны өдөрлөг” - ийг нээж Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Даваасүрэн үг хэлж, “Багануур дүүргийн нутгийн захиргааны байгууллагын түүхэн замнал, цаашдын зорилго” сэдвээр дүүргийн засаг дарга Ц.Сандаг-Очир, “Төрийн албаны шинэтгэл – бусад орны төрийн албаны үүсэл, хөгжлийн онцлог” сэдвээр Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Б.Баатарзориг нар илтгэл хэлэлцүүллээ.
Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардах охид, хөвгүүдийн төлөөлөл “Төрийн албаны өдөрлөг”-ийн үеэр эрдэм боловсролтой, эх оронч иргэн байхаа андгайлан тангараглалаа.
“Төрийн албаны өдөрлөг” - ийн хүрээнд Багануур дүүргийн төв талбайд Монгол улсын төрийн далбааг мандуулах ёслол, төрийн байгууллага, төрийн албан хаагчдын төлөөллөөс бүрдсэн концерт – урлагийн тоглолт тоглож, төрийн олон ажил, үйл ажиллагааг иргэдэд танилцууллаа.
Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл