ОХУ-ын дипломат төлөөлөгч манай улсын нэгэн иргэнийг зодож, хүнд гэмтээсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл их гүрний төлөөлөгчид зодуулсан иргэн нь "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах байсан гэдгийг эх сурвалж мэдээлэв.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрийн “HOME PLAZA” худалдааны төвд байрлах "ONE EVENT HALL"-д Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүний дараа энэхүү зодоон болсон байна.
Тус арга хэмжээнд БНХАУ, ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нар, дипломат ажилчид, зочид төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга, Хотын дарга С.Батболд болон хотын удирдлагууд зэрэг олон хүндэт зочид уригдан ирсэн аж. Тухайн өдөр “Хар сарнай” хамтлагын ахлагч С.Амармандах өөрийн ая дуугаа өргөхөөр уг цэнгүүнд очсон байна.
Улмаар дуучин С.Амармандахыг харихаар гарахад нь согтууруулах ундаа хэрэглэсэн ОХУ-ын дипломат төлөөлөгч А.С нь түүний араас гарч архины шилээр толгойн тус газарт нь цохин ухаан алдуулан, зодож танхайрч байхад нь ONE EVENT HALL-ийн хамгаалагчид салгасан байна. Энэ хэрэг тус газрын хяналтын камерт бичигдэн үлджээ.
Одоогийн байдлаар дуучин С.Амармандахын бие маш хүнд эмчилгээ хийлгэж байгаа аж. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Б гэгч байцаагч шалгаж, эхэлсэн байна.
Сэтгэгдэл (94)