Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын өнгөрсөн онд хийсэн судалгаагаар халдварт өвчнөөр өвчлөгсдийн 24 хувийг 15-24 насны өсвөрийн залуус эзэлж байна гэсэн дүн гарчээ.
Мөн саяханы мэдээллээр ХДХВ буюу Хүний Дархлал хомсдолын верусээр өвчилсөн 216 тохиолдол бүртгэгдсэн тоо бий. Үүний ихэнхи хувийг залуус эзэлж байгаа юм. Тэгвэл өсвөр насны охин анхы бэлгийн хавьталтаар ДОХ-ын халдвараа өвчилсөн нь тогтоогдсон байна.
Энэ талаар Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ “YPEER” клубээс мэдээллээ. Тус ТББ-аас өнөөдөр өсвөр насны охидын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Хэвлэлийн хуралд Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн тэргүүн Ш.Галбадрах, “Ypeer” клубын сургагч багш нар оролцов.
ТББ-уудын хийсэн судалгаанд хамрагдсан охидын 10 хувь нь ганцаардах, амиа хорлох оролдлого хийсэн тухайгаа хэлжээ. Өсвөр насны охидын тулгамдсан асуудлын нэг бол эрт бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлтээс шалтгаалан үр хөндүүлэх, улмаар амиа хорлох эрсдэлд орж буйг хуралд оролцогчид онцоллоо.
Энэ үеэр Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн тэргүүн Ш.Галбадрах
“Өсвөр насны охид жирэмсний болон төрөхийн хүндрэлийн улмаас эндэх өндөр эрсдэлтэй байна. Тиймээс 15-24 насны охид залуучуудад нөхөн үржихүйн мэдээ мэдээлэл зайлшгүй шаардлагатай байна. Гэтэл мэдлэг олгох эрүүл мэндийн хичээлийн цаг хомс, багш сурагчид нээлттэй ярилцах цаг байхгүй нь асуудал болоод байна” гэлээ.
Үндэсний статистикийн хорооны 2014 оны мэдээгээр 15-19 насны гэрлэсэн эмэгтэйчүүдийн 74.5 хувь нь хүүхэд төрүүлсэн буюу анхны хүүхдээ тээжээ. Иймд өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн мэдлэг, мэдээлэл олгох эрүүл мэндийн хичээл хэрэгцээтэй байгааг өсвөрийн сургагч багш нар хэлж байна.