Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо.
Ойн хүрээнд зохион байгуулах ажлын эхнийх болох Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн арваннэгдүгээр сарын 19-нөөс 20-ны хооронд явагдаж өндөрлөсөн бол өнөөдөр 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн нэгэн зэрэг нээлтээ хийлээ.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, УИХ-ын Тамгын газрын референт, Олон улсын шатрын холбооны мастер Г.Алтан-Оч, нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар оролцов.
Шатар сонирхогчдын аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний дараа улсын аваргыг 2017 оны нэгдүгээр сард Төрийн ордонд болох тэмцээнээс тодруулна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.