Нийслэлийн Засаг дарга С.Батболд Пусан хотын олон улсын харилцааны сангийн дэд захирал Пак Юн Суктэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Пусан хотын олон улсын харилцааны сангийн дэд захирал Пак Юн Сук юуны өмнө хүлээн авч уулзсанд хотын даргад талархал илэрхийлээд “Бид төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх газар, салбарын талаар судалгаа хийж байна. Өнгөрсөн наймдугаар сард Пусан хотын захирагч Улаанбаатар хотод айлчилсан. Хоёр хотын хоорондын хамтын ажиллагаа өргөжиж байгаад бид баяртай байна.” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Пусан хотын олон улсын харилцааны сан Улаанбаатар хотын нийгмийн салбарын үйл ажиллагаатай танилцаж байгаад талархаж байна. Манай хот бол хөгжиж байгаа хот. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлууд бий. Тиймээс энэ салбарт та бүхнийг үйл ажиллагаагаа чиглүүлж, тусламж дэмжлэг үзүүлээрэй гэж хүсье. Хоёр хотын хамтын ажиллагаа цаашид илүү өргөжинө гэдэгт итгэлтэй байна.” хэмээв.
Уулзалтын төгсгөлд Пусан хотын олон улсын харилцааны сангийн дэд захирал Пак Юн Сук 2 хотын хоорондох бүхий л салбарын ажлыг дэмжин ажиллахаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.