Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр иргэн Б-г хайх эрлийн ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоожээ.
Тодруулбал, Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн иргэн Б арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс хойш сураг тасарсан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 13-нд ирж, Эрэн хайх, аврах салбарын 5 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 6 иргэн, 1 автомашин, ар гэрийн 6 иргэн, 1 автомашин нийт 17 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр өнгөрсөн өдрүүдэд ажиллажээ.
Ингэхдээ Төв аймгийн Заамар сумын Соов багийн Улаан-Эрэг гэдэг газар хүртэл 12 км, Хас-Ус гэдэг газар хүртэл 10 км газар явганаар болон машинтайгаар нийт 22 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийн ажиллагааг түр зогсоосон аж.
Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн Шанаатын тахьдаг-Овоо гэдэг газар Тэрхийн цагаан нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрснөөс осолдсон тухай дуудлага энэ сарын 17-нд 10:35 цагт иржээ. Иргэн Ж автомашинаас гарч эсэн мэнд үлдсэн бол иргэн Т, Б нар автомашинтайгаа нуурын усанд живсэн байна. Осолдсон иргэдийг нуураас гаргахаар найман албан хаагч, 1 автомашинтай ажиллаж буй ажээ.
Мөн Онцгойгийнхон хоёр удаа шумбалт хийж, 5-6 метрын гүнд автомашин байгааг олж тогтоосон байна.