Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ чоно-2016" наадам өчигдөр болж өнгөрлөө.
15 дахь удаагийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц нарын албаны хүмүүс уригдан иржээ.
Олимпийн аварга, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба, Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, Д.Отгондалай, паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ нарын шилдэг тамирчид ирээд байна.
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн ёслолыг үйл ажиллагааг нээж "Эрхэм хүндэт зочид төлөөлөгч спортын зүтгэлтнүүд та бүхэнд мэнд хүргэе. Өвлийн жавартай үдэш энэ халуун танхимд та бүхэнтэйгээ спортын шилдгүүдээ шалгаруулахаар цуглаад байна. Бөртэ чоно наадам 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгааг хэлэхэд таатай байна. Өвлийн олимпийн анхны медаль хүртсэн, зуны олимпийн наадмаас мөнгө, хүрэл медаль хүртэж медалийн сангаа арвижуулсан зэрэг сайхан амжилтаар 2016 оныг үдэж байна" гэв.
МҮОХ-ны хамгийн эхний шагнал эзэндээ очиж Өвөрхангай аймгийн Монреаль зөвлөл шилдгээр шалгарч, Өмнөговь аймгийн Сэврэй сумын олимпийн танхим 2016 он шилдгийн шагнал хүртлээ.