Энэ сарын 06-ны өдөр Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар иргэдтэй уулзах үеэр нэгдүгээр хорооны иргэний мал руу нохой дайрсан тухай мэдээлэл өгсөн юм. Мэдээллийг нягталж шалгахад энэ сарын 4-ны өдөр тус хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан хонь руу золбин ноход дайрч барьжээ.
Уг мэдээллийн дагуу Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид шуурхай ажиллаж, золбин нохдоос дээж аван нийслэлийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид хүргүүлсэн аж. Лабораторийн шинжилгээний хариугаар мал, амьтны галзуу өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна.
Иймд тус дүүргийн Онцгой комиссын “Хүн, мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” шуурхай ажлын хэсэг яаралтай хуралдаж, Налайх дүүргийн Засаг даргын нэгдүгээр сарын 6-ны өдрийн “Мал амьтны галзуу өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” захирамжаар 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоосон юм.