"Транспэрэнси Интэрнэшнл" байгууллагын зүгээс 2016 оны дэлхийн Авлигын төсөөллийн индексийг зарлалаа. Монгол Улсын хувьд 2015 онд 39 оноогоор 168 орноос 72 дугаар байранд орж байжээ. Гэтэл 2016 онд 38 оноогоор 176 орноос 87 дугаар байранд оржээ. Өнгөрсөн оноос 15 байраар ухарсан үзүүлэлттэй байна. Монгол Улстай ойролцоо оноо авсан улс орныг дурдвал Ямайк, Панам, Замби, Колумб, Индонез улсууд байгаа аж.
Энэхүү төсөөллийн индексээр хамгийн сайн буюу 90-ээс дээш оноог Дани, Шинэ Зеланд, Финланд авчээ. Харин сүүлийн байранд Ливи, Судан, Хойд Солонгос, Өмнөд Судан, Самал улс оржээ.
Эдгээр улс хамгийн бага оноо авах хүчин зүйлд мөн л мэдээллийн системийн эрх чөлөө, нийтийн албан тушаалтны ёс зүйн журам гэсэн үзүүлэлт нөлөөлжээ. Харин Монгол Улс авлигын энэ индексээр ухарсаар байгааг анхааруулав.
Мөн “Транспэрэнси Интэрнэшнл" байгууллагын зүгээс Монгол Улсад дараах зөвлөгөөг өгчээ.
- Улстөрчид авлигыг бууруулах лоозон төдий биш бодит санаачлага гаргах хэрэгтэй
- Улстөрчид амлалтаа биелүүлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлж, амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй
- Авлигатай тэмцэх газрыг улам бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага хэрэгцээ байна гэв.