1971 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Иран улсын Рамсар хотноо Каспийн тэнгисийн эрэгт “Ус намгархаг газрын тухай конвенц”-ийг баталсан тул энэ өдрийг Ус , намгархаг газрын дэлхийн өдөр болгон жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Монгол Улс 1998 онд Ус, чийг, намгархаг газрын тухай Рамсарын Конвенцид нэгдэн орсон. Энэхүү Конвенциор ус, чийг, намгархаг газар нутгийг биологийн олон янз байдлыг нийтэд нь хадгалан хамгаалах болон хүн төрөлхтний нийгмийн сайн сайхан оршин тогтнохуйд нэн чухал ач холбогдолтой экосистем гэдгийг хүлээн зөвшөөрдөг. 2016 онд Ус чийг намгархаг газрын Дэлхийн өдрийг “Ус намгархаг газар бидний ирээдүй-Тогтвортой амьжиргаа” гэсэн сэдвийн дор тэмдэглэх гэж байна. Ирээдүйд хүн төрөлхтний ялангуяа тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад ус намгархаг газар чухал үүрэгтэйг харуулахын тулд энэ сэдвийг сонгосон. Тэрбум гаруй хүн ус намгархаг газрын экосистемийн бүрэлдэхүүн хэсэг болон амьдарч байна.