Сэлэнгэ аймаг дахь Замын цагдаагийн тасаг, Автотээврийн төвтэй хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу улс, хот хоорондын болон орон нутгийн ачаа, зорчигч тээвэрлэлтэнд хяналт тавих, гэрээгүй болон хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох зорилгоор улсын чанартай автозамын пост, 4-н замын уулзвар, Баянгол сумын ЗЦ-ийн постуудад хамтарсан хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн явуулж байна.
Орон нутаг руу зорчиж буй жолооч, зорчигч та замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хүн ба ачаа тээвэрлэх журмыг баримтлах, хууль бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байх, алсын замд гарахдаа Ус цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэн, Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлж буй цаг агаарын мэдээнд ач холбогдол өгөх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд зөв аюулгүй тээвэрлэх, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшин өөрийнхөө болон бусдын амь нас эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайтар хангаж оролцохыг зөвлөж байна.