Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр өнөөдрийн байдлаар нэг өдрийн дотор объектын долоон түймэр гарчээ. Үүнээс нийслэлд тав, хөдөө орон нутагт хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, "Зүүн наран”-гийн 3 дугаар гудамжийн 48 тоотод иргэн О-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 13.03 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирж, Гал түймэр унтраах, аврах X ангийн зургаан албан хаагч, нэг автомашинтайгаар, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, “Согоот”-ын 33 дугаар гудамжийн 416 тоотод иргэн Д-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу өнгөрөгч шөнө Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн долоон албан хаагч, хоёр автомашинтайгаар тус тус унтраасан юм.
Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн “Эрдэнэзуу”-гийн 78 дугаар гудамжийн 1 тоотод иргэн Д-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийнхан амжилттай ажилласан байна.