Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээг энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс гуравдугаар сарын 3-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.
Уг ажлын хүрээнд ирэх гуравдугаар сарын 3-ныг хүртэл олон нийтийн цагдаа, нохойтой болон урамшуулалт эргүүлийн 600 албан хаагч, 307 чиглэлд өдөр тутам эргүүл хийж байгаа бөгөөд алба хаагчид нэгдсэн арга хэмжээ эхэлснээс хойш долоо хоногийн хугацаанд 21 гэмт хэргийг илрүүлж, таван гэмт хэргийг таслан зогсоож, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 403 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 1,065 зөрчлийг илрүүлэн ажиллаж байна.
Мөн баяр дөхөх үеэр хулгайн хэрэг ихэсдэг учраас байр, орчны гэрэлтүүлгээ сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Түүнчлэн баяр, амралтын өдрөөр согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг зөвлөлөө.