Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам “Малчдад туслах сайн санааны аян”-ыг өрнүүлж байна. Энэхүү аяны хүрээнд малчин түмэндээ халуун сэтгэлээ илгээсэн байгууллага, аж ахуй, иргэний тусламжийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн болон бусад албаны хүмүүс Төв аймгийн Лүн, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн сумын малчдад албан ёсоор хүлээлгэн өглөө.
Төв аймгийн Лүн суманд 540 гаруй малчин өрхийн мал сүрэг өвөлжиж байна. Газар нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй. Орсон цас хатуурч малын туурай халцарсан нөхцөл байдал үүсжээ. Тиймээс сумын өвс тэжээлийн нөөцөд 100 тонн өвс нөөцөлж, малчиддаа олгосон байна. Харин Булган аймгийн Баяннуур сум 125 мянган мал сүрэгтэй. Одоогийн байдлаар нутгийн хойд хэсгээр цас багатай, урд хэсгээрээ хунгарласан хатуу цастай байна.
Тус сум 2016 онд 100 мянган тонн өвс, 10 тонн тэжээл бэлтгэсэн ч малчдад тараагаагүй байгаа аж. Сар шинийн дараа өвс 3500 төгрөг, тэжээл 6000 төгрөгөөр малчдадаа түгээхээр төлөвлөсөн бол Дашинчилэн сум өвс тэжээлийн нөөцөө малчдад тараагаад дууссан байна. Дашинчилэн суманд 379 малчин өрхийн 278 мянган мал өвөлжиж байгаа юм.