Монголын Үндэсний музей шилдэг, шинэ үзмэрүүдээ олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Тодруулбал өнөөдөр 14.00 цагаас нээгдэх тус үзэсгэлэн бүтэн сарын турш олон нийтийн хүртээл болох бөгөөд 2014-2016 онд тус музейн сан хөмрөгийг шинээр баяжуулсан түүх, археологи, угсаатны зүйн холбогдолтой 1800 гаруй үзмэрээс 400 орчим шилдэг үзмэрүүдийг дэлгэн үзүүлэх юм байна.
Тус үзэсгэлэнд Монголын Үндэсний Музейн судлаачдын явуулсан археологийн малтлагаар илрүүлсэн, ард иргэдээс бэлэглэсэн, хандивласан, худалдаж авсан олон тооны сонирхолтой үзмэрүүд багтаж байна. Жишээлбэл, Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгорт явуулсан Хүннү, Сяньбийн булшнаас илэрсэн олдворууд, Алтайн нурууны дундад зууны үед холбогдох хадны оршуулгаас илэрсэн Алтай ятга, нум сум, дээл болон Сасанидын мөнгөн зоос, Юань улсын цаасан мөнгө, Монголын хамгийн өндөр хүн асан Д.Рагчаагийн хувцас зэрэг олон сонирхолтой үзмэрүүд багтаж байгаа аж.
Монголын Үндэсний Музейгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ үзмэрийн дээжис” үзэсгэлэн дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.