Спортын гимнастикийн эрэгтэй төрлөөр 39 жилийн дараа Б.Батсуурь олон улсын шүүгчийн болзол хангажээ. Тэрбээр Японы нийслэл Токио хотноо нэгдүгээр сарын 27-оос энэ сарын 1-ний өдрүүдэд Олон улсын гимнастикийн холбооноос зохион байгуулсан Спортын гимнастикийн эрэгтэй төрлийн “Олон улсын шүүгчийн сургалт”-д хамрагдсан юм. Түүнийг шалгалтдаа тэнцэж, олон улсын шүүгчийн болзол хангасан хэмээн Олон улсын гимнастикийн холбооноос ирүүлжээ.
Спортын гимнастикийн төрлөөр анх 1978 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр тухай үеийн дасгалжуулагч, багш, шүүгч нар сургалтад хамрагдаж байжээ. Тодруулбал, эрэгтэй төрлөөр Д.Дангаасүрэн агсан, З.Нямдаваа агсан, Ж.Баасандамба, Д.Сүрэнжав, эмэгтэй төрлөөр Д.Норов агсан, Я.Туяа агсан, Д.Гандиймаа, Ч.Алтанзаяа, Ц.Март нар хамрагдсан юм.