БСШУСЯ болон БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам (ШУТЯ) хооронд байгуулсан хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд төслийн уралдаан зарлажээ. Энэхүү хамтарсан судалгааны төсөл нь хоёр талын сонирхолд нийцсэн Монгол-Хятадын эрдэмтдийн хамтран гүйцэтгэх ажлууд байх ёстой юм байна. Төслийн саналыг талууд дээрх яамд дээр хүлээн авна. Мөн эрдэмтэд төслийн агуулгыг урьдчилан тохиролцож, талуудын оролцоог тодорхой болгосон байх шаардлагатай аж.
Хоёр талд бүртгүүлээгүй, хугацаа хожимдсон, материалын бүрдэлт дутуу төсөл болон БСШУСЯ-наас өмнө нь баталсан судалгааны төслийн өртэй удирдагчдыг сонгон шалгаруулалтад оруулахгүй. Мөн энэ оноос хэрэгжүүлэх хамтарсан төслийн саналыг шинжлэх ухааны чиглэл бүрээр хүлээн авах бөгөөд байгууллага болгоноос зөвхөн нэг төслийн санал хүлээж авна гэж БСШУСЯ-наас анхаарууллаа. Үүнд 10 хүртлэх төсөл сонгон шалгаруулж авах бөгөөд гүйцэтгэх хугацаа нь 2-3 жил байх юм байна.
Монголын талын төслийг энэ сарын 17-ноос авч эхэлсэн бөгөөд ирэх сарын 17 хүртэл БСШУСЯ-нд, харин Хятадын талын төслийг ирэх сарын 5 хүртэл ШУТЯ-нд хүлээн авах аж.