“Улаанбаатар төмөр замын залуучуудын байгууллага” энэ сарын 21-22-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод “Говийн замчин 2-р чуулган 2017” арга хэмжээг зохион байгуулж байна. “Амжилтаа ахиулж, хамтдаа алхацгаая” уриатайгаар зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Гантулга, ЗТХ-ийн Дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нар хүндэт зочноор оролцож байгаа аж.
Энэ жилийн чуулга уулзалт говийн бүсэд ажиллаж байгаа залуучуудын нийгмийн асуудлыг хөндөж, тэдний тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулахад чиглэж байгаа юм байна. Мөн байгуулагдаад нэг жил болж буй “Улаанбаатар төмөр замын залуучуудын байгууллага” өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн, цаашид хийх ажлаа хэлэлцэж байгаа аж.
Дашрамд өгүүлэхэд, Улаанбаатар төмөр зам нь 15 мянган ажилтантай их айл бөгөөд эдгээрийн 9 мянга гаруй нь залуучууд юм. Салбартаа хийж бүтээж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй мянга мянган залуусыг эгнээндээ нэгтгэсэн тус байгууллагын дэргэд өнгөрсөн 2016 онд “Улаанбаатар төмөр замын залуучуудын байгууллага” байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлж байсан аж. Харин монголын эдийн засагт жин дарах хувь нэмрийг оруулж ирсэн “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн бүхий л үйл ажиллагаанд 9 мянга гаруй залуусын хувь нэмэр үлэмж их гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.