Турк Улсад тэтгэлгээр бакалаврын зэргээр суралцуулах хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Үүнтэй холбогдуулан тус улсын Элчин сайдын яамнаас олон нийтэд хандаж, тэтгэлэгт хөтөлбөрт тэнцүүлж өгнө гэх хуурамч зард итгэхгүй байхыг анхааруулж, сэрэмжлүүлэг гаргажээ.
Тодруулбал тус сэрэмжлүүлэгт “Хөтөлбөрт бүртгүүлэхийг хүссэн иргэд www.turkiyeburslari.gov.tr хаягт хандаж бүртгэлээ хийх бөгөөд бүртгэлийн системийн заавартай анхааралтай уншиж танилцах хэрэгтэй.Турк Улсын тэтгэлэгт бүртгүүлэх нь үнэ төлбөргүй тул бүртгэлтэй холбоотой ямар нэгэн эрх бүхий хувь хүн болон итгэмжлэгдсэн байгууллага байхгүй юм. Иймд Турк Улсын тэтгэлэгт тэнцүүлнэ гэсэн амлалт өгч төлбөр шаардсан аливаа хувь хүн болон байгууллагын хуурамч амлалтанд итгэхгүй байхыг зөвлөж байна. Түүнчлэн аливаа тодруулах шаардлагатай асуулт болон тэтгэлэгт бүртгүүлэхтэй холбоотой туслалцаа хүсэх бол тус Элчин сайдын яаманд болон 311200, 315125 утсанд хандах боломжтой” гэжээ.