Сүүлийн үед манай улсын иргэд БНХАУ-д зорчих хугацаандаа гадаад паспортоо барьцаанд тавьсан тохиолдол хэд хэд гарчээ. Үндэсний гадаад паспортыг дипломат, албан, энгийн хэмээн ангилдаг бөгөөд үндэсний гадаад паспорт нь төрийн өмч байна хэмээн холбогдох журманд заасан.
Тиймээс манай иргэд аливаа бүс нутагт зорчихдоо тус улсынхаа иргэнд барьцаалуулах, хадгалуулахгүй байхыг албаны хүмүүс анхааруулж байна.
Тухайлбал, Хятадад зорчих визгүй 30 хоногийн хугацаанд хууль бусаар хөдөлмөр эрхлэж, улмаар паспортоо барьцаанд тавих болсон байна. Цаашлаад "Намайг барьчихлаа" гэх ташаа мэдээлэл тараасан тохиолдол ч гарсан аж. Ийм тохиолдол бүрт ГХЯ-наас Консулын газраар дамжуулаад хятадын цагдаагийн байгууллагатай хамтран асуудлыг шийдвэрлэж байгаа аж.