“Хурд” хамтлагийн уран бүтээлчид Завхан аймгийн алслагдсан сумдын эмнэлгийн хүүхдийн эмч нарт тоног төхөөрөмж гардуулжээ. Тэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэгт нярайн жин хэмжигч, утлагын болон хүчилтөрөгчийн аппарат, хүүхдийн цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох хэрэгсэл зэрэг хүүхдийн эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бэлэглэсэн байна.
Тэд хамтлагийнхаа 20 жилийн ойд зориулан гаргасан алтан пянзныхаа Европ болон ӨМӨЗО болсон аялан тоглолтын үеэрх дуудлага худалдаагаар олсон мөнгийг цуглуулан орон нутгийн эмнэлгүүдэд тусламж өгсөн нь энэ аж. “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Энэ бол хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлийн хандив. Бид өнгөрсөн 2016 онд баруун аймагт хүүхдийн эндэгдэл маш ихээр бүртгэгдсэн статистик мэдээтэй танилцсан.
Тиймээс алслагдсан аймгийн хүүхдийн эндэгдэл бууруулахад хувь нэмэр оруулах үүднээс, эрүүл хүүхэд өсөн бойжуулах үйлсийн төлөө эмнэлгийн тоног төхөөрөмжийн хандив тусламжыг үзүүлж байна. Манай дуудлага худалдаанд оролцсон олон монголчуудын зүрх сэтгэл шингэсэн зүйл юм шүү гэдгийг хэлмээр байна. Цаашид энэхүү хандивын аяныг үргэлжүүлнэ" гэсэн байна.
Дашрамд тус хамтлагийн уран бүтээлчдийн аав, ээж нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын хүмүүс юм.
Сэтгэгдэл (3)