Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд ангийн бүс нутаг болох Толбо сумын Харасай, Борт, Бургаст, Бугат сумын Тошинт, Ногооннуур сумын Бахлаг уулын ховор ан амьтдын тоо толгой, хаваржилтын байдалтай танилцах үеэрээ янгирийн сүрэг нутагладаг газруудад 1,6 тонн давс тавьжээ.
Уг ажилд зориулан Байгаль хамгаалах сангаас 2,0 сая, орон нутгийн төсвөөс 1,5 сая төгрөг шийдвэрлэжээ.
Өнгөрсөн өвөл цаг агаар харьцангуй тогтуун, өмнөх жилүүдтэй харьцуулахад дулаан болж, хорогдол ч бага гарсан тул 5 дугаар сарын дунд үеэр төллөх янгир ямааны тоо толгой өсөх хандлагатай хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж байна.
Дээрх нутгуудад Монгол Улсын Улаан номонд орсон ховор амьтан болох 1500 гаруй янгир ямаа нутагладаг юм.