Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 12, билгийн тооллын гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр.
Шинийн 15-ны өдрийг бурханы шашинт улс орнууд ихэд билэгшээн, сайн үйл бүхэн дэлгэрч, муу үйлийг тэвчих өдөр хэмээн үздэг. Бурхан багш 57 сүүдэртэйдээ Жайна шашны тэрсүүдийн зургаан багшид 15 хоногийн турш рид хувилгаанаа үзүүлэн төгс ялан дийлсэн гэдэг. Энэ түүхэн үйл явдлыг санан дурсаж байхаар Богд Зонхова “Чойнпүрэл молом” нэртэй 15 хоногийн их ерөөл дэглэн хуруулжээ. Энэ хурлыг Монголд Өндөр гэгээн Занабазар “Цагаан сарын их ерөөл” нэртэйгээр хуруулж эхэлсэн нь өдгөө уламжлал болон тогтсон байна.
Мөн энэ өдрийг монгол эмэгтэйчүүд ихэд билэгшээдэг байжээ. Учир нь шинийн гурван, арван тавны сарнаас үрийн заяа гуйх болон орон гэртэйгээ холбоотой хүслээ даатган дууддаг байжээ. Монголчууд сарнаас хишиг буян гуйхдаа хормойгоо дэвсэн сууж баруун гараа зүүн гарынхаа доогуур оруулж, зүүн гартаа дугуй хэлбэртэй мөнгө тавин дэлхийн эргэлтийг чигээр хөдөлгөх үйлдэл хийдэг байсан байна.
Сэтгэгдэл (1)