Энэ сарын 12-наас 13-нд шилжих шөнө орон нутгийн цагаар 04 цаг 41 минутад Ховд аймагт Рихтерийн шаталбараар магнитут нь 4.0-тэй тэнцэх хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн голомт нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас зүүн зүгт 27 км-т, Ховд аймгийн төвөөс 47 км, Ховд аймгийн Ховд сумаас 37 км, Дуут сумаас 55 км зайнд болсон байна.
Урьдчилсан байдлаар баллын үнэлгээгээр үзвэл газар хөдлөлтийн голомтод 6-7 орчим балл, Ховд аймгийн төвд 4-5 орчим баллаар мэдрэгджээ. Одоогоор ямар нэгэн эвдрэл гэмтэл, цууралт өгсөн мэдээлэл ирээгүй бөгөөд иргэдийн мэдээлснээр шөнө унтаж байхад доргилт өгч сэрсэн, гэрлийн бүрхүүл савласан, ор чичирхийлэн хөдөлсөн зэрэг бодит байдал нэлээд ажиглагджээ. Ховд аймаг бол газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хамаарагддаг. 2017 он гарснаас хойш Ховд аймгийн нутаг дэвсгэрт хамаарах сулавтар газар хөдлөлтийн тоо 1000 гаруй удаа бүртгэгджээ.