Улсын хэмжээнд газар хөдлөлтийн идэвхжил буурахгүй, харин ч нэмэгдэх хандлагатай байна. Тодруулбал өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 28 мянга шахам газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгджээ.2000 онд Улаанбаатар хот орчим жилд 200 гаруй удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаа газар шилгээсэн байна. Иймд газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, нэгэнт гамшиг тохиолдсон үед иргэд өөрийгөө хэрхэн хамгаалах дадалтай болоход олон нийтийг сургах нь нэн тэргүүний зорилт хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж байна.
Нийслэлийн хэмжээнд 566 барилгад газар хөдлөлтийн үнэлгээ хийгджээ. Үүнээс газар хөдлөлтийг тэсвэрлэх нь 172, хүчитгэж сайжруулах 75, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга 319 байна гэсэн судалгаа гарсан. Эдгээр 319 барилгаас 172-т нь мэргэжлийн хяналтын байгууллагаас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт үйлдсэн байдаг. Иймд 98 барилгыг нурааж дахин төлөвлөн шинээр орон сууц барихаар нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байна.
Түүнчлэн нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар түр цуглах талбайг дахин тодотгож, 47 байсныг нэмэгдүүлж 100 гаруй түр цугларах талбайг бий болгожээ. Эдгээр талбай дээр ямар нэгэн орон сууц, оффис барихгүй. Газар хөдлөлт болсон тохиолдолд иргэд цуглардаг байх аж.