Баянхонгор аймагт өчигдөр оройн 21:00 цаг орчмоос эхлэн орсон цас одоогийн байдлаар 10 гаруй см болтлоо зузаарч, үргэлжлэн орсоор байгаа аж.
Тиймээс хот хоорондын зорчигч тээврийн автобус өглөөний 8 цагийнх нь хуваарийн дагуу гарсан бөгөөд өдөр болон оройн автобусыг явуулах эсэх нь тодорхойгүй байна. Аймгийн Автотээврийн газраас мэдээлснээр Улаанбаатараас Баян-Өлгий чиглэлийн автобус цаг агаарын байдлаас шалтгаалан Баянхонгор аймагт саатаад байгаа бол Ховдоос Улаанбаатар чиглэлд явж буй автобус үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас урдаа явган хүнээр замчлуулж, аймгийн төвд 10 орчим км ойртоод байгаа гэж байна. Онцгой байдлын газрын шийдийг харж байж хуваарьт автобуснуудын явах эсэхийг шийднэ гэлээ.
Баянхонгор аймгийн нийт нутгаар энэ сарын 22-23-ны өдрүүдэд их хэмжээний нойтон цас орж, 14-16 м/с хүрч, цасан шуурга шуурч зам даваа хаагдах, халтиргаа, гулгаа үүсэх, улмаар цаг агаарын гамшигт үзэгдэл болохыг цаг уурын байгууллагаас мэдээлж байна. Мөн Улаанбаатар чиглэлд цас орж, замын нөхцөл байдал хүндэрч байгаа тул хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна.