Дэлхий ертөнц даяарчлагдаж байгаа өнөө цагт бидний өмнө автомашин түрээслүүлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, хяналт тавих, жолооч нарыг зорчигч тээвэр болон жуулчин тээврийн сургалтанд хамруулах, тэдгээрийн соёл, харилцааг дээшлүүлэх, аюулгүй, өндөр чанартай жуулчин тээврийн үйлчилгээг хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг харгалзан үзэж “Монголын автомашин түрээслүүлэгчид болон жуулчин тээврийн холбоо” байгуулагдаж Удирдах Зөвлөлийн анхын хурлаа амжилттай зохион байгуулав. Тус холбооны Удирдах зөвлөлд автомашины түрээсийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд, жуулчны компаниуд болон бусад холбоодуудын төлөөлөл орсон байна.
“Монголын автомашин түрээслүүлэгчид болон жуулчин тээврийн холбоо”-ны зорилго нь автомашин түрүүслүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, нэгдсэн зохион байгуултанд оруулах, хяналт тавих, соёлтой боловсон жуулчин тээврийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд оршино. Зорилго, зорилтоо хэрэгжүүлэхдээ тус холбоо нь төрийн болон захиргааны байгууллагууд, гадаад дотоодын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах аж.
Тус холбооны Удирдах Зөвлөлийн даргаар Д.Сүрэнжав, гүйцэтгэх захирлаар Б.Өнөрхүү томилогдон ажиллаж байна.