Сүүлийн үед төгсөх ангийн шалгалт дөхсөнтэй холбогдуулан “Боловсролын байгууллага, сургуулийн захирал, багш, сурган хүмүүжүүлэгч нар сурагчдаас үндэслэлгүй мөнгө, хураамж, хандив авч байна”, “Шалгалтын комиссынхонд мөнгө цуглуулж өгч байна” гэх гомдол, санал АТГ-т цөөнгүй тоогоор ирэх болжээ.
Эдгээр гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газраас холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан шалгаж байгаа бөгөөд сургуулийн төгсөлт, элсэлтийн шалгалт эхэлж буй энэ цагт сурагч, оюутнуудаас элдэв хураамж, хандив нэрээр мөнгө татан авах хууль бус үйлдлүүдийг гаргахгүй байх, тодорхой арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагад зөвлөмжийг хүргүүлсэн байна.