Монгол Улс 2017 оны эхний улиралд дэлхийн 119 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2076.1 сая америк доллар, үүнээс экспорт 1299.9 сая америк доллар, импорт 776.2 сая америк доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 518.1 (33.3%) сая америк доллар, үүнээс экспорт 340.9 (35.6%) сая америк доллараар, импорт 177.2 (29.6%) сая америк доллараар өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний улиралд 359.9 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2017 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 163.8(45.5%) сая америк доллараар нэмэгдэж, 523.7 сая америк долларт хүрчээ.
Экспорт 2017 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 340.9 (35.6%) сая америк доллараар өсөхөд үнэт чулуу, металл гоёлын зүйлийн экспорт 67.9 сая америк доллараар буурсан хэдий ч эрдэс бүтээгдэхүүний экспорт 426.5 сая америк доллар, үүнээс нүүрсний экспорт 442.1 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 177.2 (29.6%) сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 62.9 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 44.4 сая америк доллар, авто бензин 18.8 сая америк доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 52.4 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 27.7 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.
Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 94.5 хувийг эзэлж байгаа бол импортын 69.1 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.