Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнийхөн өнгөрөгч бямба гарагт хоёр дахь жагсаалаа хийж, улмаар суулт зарлаад буй. Тэд төр, засгийн шахалт, дээрээс үүрэг чиглэл авсан хууль хяналтынхны дарамт, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдлүүд байгаа учраас НҮБ-д хандаж, асуудлыг олон улсын анхааралд хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Энэ хүрээнд тэд эхний ээлжинд НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт хандан “Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэргийн хар жагсаалтад бүртгэж өгнө үү” гэсэн албан хүсэлтийг илгээсэн байна. Харин энэхүү албан бичгийнхээ хувийг Монгол Улсад суугаа АНУ, БНХАУ, ИБУИНВУ, ХБНГУ, ОХУ, Япоын Элчин сайд нарт тус тус хүргүүлсэн байна.
Уг албан бичигт “Монгол Улсын Их хурал Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийг уландаа гишгэж, авлигачдаа хамгаалсан Оффшорын эсрэг гэх хуулийг 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд баталлаа. Энэ хуулиар гурван сарын хугацаанд оффшор бүс болон гадаад улсад байгаа 17 тэрбум ам.доллар, үл хөдлөх хөрөнгийг нуун далдлах замаар хуулийн өөр этгээдийн нэр дээр шилжүүлэх шийдвэр гаргалаа. 17 тэрбум ам.долларын “мөнгө угаах” үйл ажиллагаа явагдаж эхэлж байгаа тул энэ мөнгө олон улсын алан хядах үйл ажиллагаа, терроризм, зэвсгийн наймаа, хүний наймаа, хар тамхины наймаатай холбогдож болзошгүй байгаад анхаарлаа хандуулж өгнө үү” гэжээ.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (2)