Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жил бүр зохион байгуулдаг “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг болж байна. Ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй хөдөлмөрийн яармаг өнөөдөр 10:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар чуулгын хоёр давхарт болох юм.
Тус яармагт жуулчны бааз, тур оператор компани, зочид буудал, зоогийн газар зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нийт 2500 орчим ажлын байр зарлажээ. Түүнчлэн хөдөлмөрийн яармагийн үеэр нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцуулан, ажилд шалгаруулж авах юм байна.
Тус арга хэмжээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Залуучуудын хөгжлийн газар, Аялал жуулчлалын Боловсрол хөгжлийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа юм.