“Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах уламжлалт олон улсын сургалт, дадлага сургууль өнөөдрөөс буюу тавдугаар сарын 1-5-ны өдөр Өмнөговь аймагт болно.
Энэхүү дадлага сургуулийг Онцгой байдлын ерөнхий газар АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулах бөгөөд бэлтгэл, бэлэн байдлыг хангуулахаар хамтарсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.
Тус ажлын хэсгээс дадлага сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд Өмнөговь аймгийн “Онцгой комисс”, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуй нэгж, байгууллагын албан хаагчдад “Гамшгийн менежмент”, “Газар хөдлөлтийн аюулгүй байдал”, “Гал түймрийн аюулгүй байдал” сэдвээр танхимын сургалтыг зохион байгуулсан байна. Сургалтыг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр удирдан явуулсан бөгөөд 440 гаруй албан хаагч хамрагджээ.