Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван байдлыг хангах, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газартай хамтран зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд эхний 14 хоногийн байдлаар захиргааны зөрчил үйлдсэн 9741 иргэнийг 48.705.000 төгрөгөөр торгох, шүүхийн шийдвэрээр 389 иргэнийг баривчлуулах захиргааны шийтгэл ногдуулж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 1849 иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, биеэ авч явах чадваргүй 513 иргэнийг ар гэр асран хамгаалагчид хүлээлгэн өгч, гудамж талбайд үйлдэгдсэн 60 гэмт хэргийг шуурхай илрүүлжээ.
Мөн тус цагдаагийн газраас эргүүлийн үйл ажиллагаанд орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх, алба хаагчдын ажлын ачааллыг багасгах, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх “Эргүүл” дэд хөтөлбөрийг боловсруулан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, 62 дугаар тогтоолоор батлуулан ажиллаж байна.