Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь саяхныг хүртэл 5 үйлдвэрчний эвлэлийн байгууллагатайгаар 10 гаруй жил ажиллахдаа тэргүүлэгчдийн хурал, хагас жил, бүтэн жилийн тайлант хурлыг нэг ч удаа хийж байгаагүй бөгөөд нийт ажилчдын эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулж ажиллаагүй аж.
Зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө маргааны түвшинд асуудлыг шийдвэрлэн хэвлэл мэдээлэл болон дээд байгууллагуудад буруу ташаа мэдээлэл өгч, хамт олны эв нэгдлийг хагалан бутаргах, байгууллагын удирдлага, зохион байгуулалтанд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Үүнийг тус байгууллагын ажилчдын төлөөллөөс бүрдсэн үйлдвэрчний эвлэлийн түр хороо буруушааж 2017 оны 03 дугаар сарын 26-нд “Эв нэгдэл” нэртэй нэгтгэлийн үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Өнөөдрийн байдлаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрын 1590 ажилтан албан хаагчдаас 1274 ажилтан эвлэлдэн нэгдэж үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч 28, хяналтын хорооны 11 гишүүн, дарга нараа сонгож, 2017 оны 04 дүгээр сарын 26–ны өдөр Зорчигч тээврийн нэгтгэлийн захиргааны үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид, хяналтын хорооны гишүүдийн хяналтан дор хамтын гэрээгээ баталж үйл ажиллагаа явуулж эхэллээ.
Уг үйлдвэрчний эвлэлийн байгууллага хамт олны эв нэгдлийг хангаж үйлдвэрчний эвлэлийн дүрмийг сахиж, хамтын гэрээний заалтыг улирал, жилээр тайлагнаж гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, хамтран ажиллахаа илэрхийлж, гишүүнчлэлээ баталгаажуулсан байна.