Өнөөдөр олон улсын эх баригчдын өдөр тохиож байна. Олон улсын эх баригчдын өдрийг жил бүрийн 05 дугаар сарын 05–ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улс олон улсын эх баригчдын өдрийг 2007 оноос хойш жил бүр тодорхой уриатайгаар тэмдэглэж ирлээ.
Монгол улс нь хүн амаа өсгөх төрөлтийг дэмжих бодлоготой орон, төрөлтийн тоо 2007 оноос тууштай өссөн бөгөөд 2013 онд 79780, 2014 онд 81715 хүүхдийг эх баригчид маань эсэн мэнд төрүүлсэн бол 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 3 сая дахь иргэнээ хүлээн авсан түүхтэй.
ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн газар нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн “Анхны тэврэлт” санаачилгыг хэрэгжүүлэхийг бүсийн орнууддаа уриалсан. ДЭМБ-ын “Анхны тэврэлт” санаачилга нь нярайн эндэгдлийг бууруулах, эхийн эрүүл мэндийг сайжруулах зорилготой юм.
Анхны тэврэлт гэдэг нь нь хүүхдийг төрсөн даруйд арьс арьсаар шүргэлцүүлэн эхэд нь тэврүүлэхийг хэлнэ.
Нярайг төрмөгц шууд бүрэн хуурайшуулах, эхтэй нь арьс арьсаар шүргэлцүүлэх, нярайг эхээс тусгаарлахгүйгээр хөхийг амлуулах зэрэг үйлдлийг тогтмол зөв хийж хэвшүүлснээр нярайг төрөх үед болон төрсний дараах эхний 24 цагт үзүүлэх тусламжийн чанарыг сайжруулахад чиглэгддэг арга хэмжээ юм.