Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн гурван алба хаагч усанд осолджээ. Орон нутгийн хууль сахиулах байгууллага, онцгой байдлын албаныхны мэдээлснээр цэргүүд голын анхааруулах тэмдэгтэй газарт осолдсон аж. Тэд өнгөрсөн хавар Увс аймгаас тус ангид татагдан иржээ.
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхан энэ жил тодорхой тооны цэрэг ургац хураалт, хадланд ажиллуулахаар ЗХЖШ-ын даргаас зөвшөөрөл авсан аж. Үүнийхээ хүрээнд эсвэл, түүнээс давсан тоогоор цэргүүдийг айлын хадланд ажиллуулахаар гаргасан гэх мэдээлэл ч байна.
Харин ЗХЖШ-аас өгсөн албан ёсны мэдээлэлд “Хугацаат цэргийн алба хаагчид 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ангийнхаа туслах аж ахуйн хадланг бэлтгэж байгаад Ховд аймгийн Мянгад сумын нутаг, Ховд голын Цагаан тохой гэдэг газар усанд осолдсон. Байлдагч Б, Е, С нарыг эрэн хайх ажиллагааг Ховд аймгийн Мянгад сумын нутагт явуулж байна.
ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга, бригадын генерал П.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн авран хайх эрлийн бүлгийн бүрэлдэхүүн осол болсон газарт ажиллаж эхэллээ” гэжээ.
Сэтгэгдэл (1)