Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн цэцэрлэггүй 6, сургуульгүй 35 хороо байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
2017-2018 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор бэлтгэл ажлыг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгажээ. Ерөнхий боловсролын 22 сургууль, 66 цэцэрлэгийг шалгалтад хамруулахаас 85 хувийг нь шалгаад байгаа бөгөөд бэлтгэл ажил 90 хувьтай байна.
Ингэхэд нийт 235 зөрчил илэрсэн бөгөөд 174 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ. 84-р сургуулийн өргөтгөлийн байранд сургуулийн өргөтгөлийн байранд хичээлийн ширээ сандал байхгүй, 14-р сургуулийн засварын ажил дуусаагүй, 133 дугаар сургуулийн барилга дууссан ч улсын комисс хүлээж аваагүй зэргээс шалтгаалан сургалтаа есдүгээр сарын 10-наас эхлэх нөхцөл бүрдээд байна. Мөн шалгалтад хамрагдсан сургууль, цэцэрлэгүүд нь 245 багшийн орон тооны судалгааг холбогдох байгууллагад хүргүүлжээ.
Өнөөдрийн байдлаар Эрдмийн-Оргил цогцолбор сургуульд багшлах эрхгүй 4, 119 дүгээр сургуульд 2 багш байгаа бол 5, 11, 24, 84 дүгээр сургуулиудад бага ангийн, эрэгтэй технологи, математикийн мэргэжлийн багш нар дутмаг байна. Харин ном сурах бичгийн хангалт 1-5 дугаар ангид төрөөс 100 хувь, 6-12 дугаар ангид худалдаагаар явагдаж байгаа юм байна.