“Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-аас Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд хэлмэгдэгсдийн ар гэрийнхний хохирлыг нэн даруй барагдуулах хүсэлт хүргүүлэх болжээ.
Энэ талаар тус ТББ-ын тэргүүн Д.Дашдаваа мэдээлэл хийв. Тэрбээр, “1930-1940 онд хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрийнхнийг дарамталж, ажлаас халж, хүүхдүүдэд нь боловсрол олгох эрхийг хассан гээд олон зовлонг туулсан. Хэлмэгдэгсдийн хүүхдүүд өнөөдөр хамгийн бага тэтгэвэр авч, ядуу зүдүү амьдарч байна. Хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаад 60 жил болж байхад Монгол Улс огт нөхөн төлбөр төлсөнгүй. 2015 оны дөрөвдүгээр сард хэлмэгдэгсдийн асуудлаар Олон улсын бага хурал болсон. Тэр үед хэлмэгдэгсдийг цагаатгаж, нөхөн төлбөр олгох нь чухал гэж ярьж байсан ч одоог хүртэл шийдвэр гараагүй байна. Их хэлмэгдүүлэлтийн үеэр би аав, нагац ахыгаа алдсан. Эсэргүүний хүүхэд гэсэн нэр зүүж, амьдралынхаа олон сайхан боломжийг алдсан. Хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүдэд судалгаа хийж, орон сууц олгож, амьдралд маань нэг удаа ч болов туслах ёстой гэж бодож байна” хэмээв.