2020 оны Токиогийн олимпийн наамдын хөтөлбөрт багтсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийн гранпри тэмцээнүүд ирэх амралтын өдрүүдэд Германы Берлин, Тайванийн Тайчун хотод болох гэж байна.
Дэлхийн чансааны 12-т эрэмбэтэй манай улсын "UB Garuda" баг ирэх амралтын өдрүүдэд Тайваны гранприг зорих бөгөөд тус тэмцээний эхний хоёрт шалгарвал энэ сарын 23-24-нд БНХАУ-ны Ченгду хотноо болох 3х3 Их дуулгын эрх авах юм.
Энэ удаагийн Тайваны гранпри тэмцээнд дэлхийн чансааны хоёрт эрэмбэтэй Словений "Лубляана", "Приран", Недерландын "Амстердам", Европ тивийн аварга Латвийн "Рига" гэсэн хүчирхэг багууд өрсөлдөх бөгөөд манай баг “С” хэсэгт Латвийн "Рига", Иорданы "Петра", Тайваны "Тайчун" багуудтай нэг хэсэгт багтаад байна. Манай “UB Garuda” баг энэ удаад бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж Э.Цэрэнбаатарын оронд А.Гансүхийг авсан байна.
Тус багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр, дасгалжуулагч С.Тулга нар оролцох юм. Мөн “UB Garuda” Тайваны гранпри тэмцээний дараа энэ сарын 19-23-нд Туркменистаны "Ашгабат" хотноо болох Азийн танхимын наадамд оролцох юм.