Олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлага ямар байх ёстой вэ. Энэ асуултыг Монголын Үндэсний олон нийтийн телевиз хамгийн түрүүнд тавьж байна. Монголын телевизийн урлагийн үүсэл хөгжлийг тодорхойлогч Монголын Үндэсний олон нийтийн телевизийн 50 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байгаа билээ.
Хагас зууны түүхтэй тус телевизийн хамт олон ойн арга хэмжээгээрээ зөвхөн баярлаад зогсохгүй энэ салбарын манлайлагчийн хувьд цаашдын хөгжлийн чиг хандлагаа зөв тодорхойлохын тулд дээрх асуудлаар олон улсын форумыг зохион байгуулах гэж байна.
Тус форумд ХБНГУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Япон зэрэг найман орны олон нийтийн телевизийн төлөөлөгчид болон судлаачид Улаанбаатар хотноо чуулах аж. “Television development trends” буюу “Олон Нийтийн Хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурал маргааш буюу есдүгээр сарын 27-нд Corporate hotel-д 09:00-16:00 цагт болно.
Энэхүү хурлын үеэр Монголын олон нийтийн телевизийн чиг хандлага цаашдын хөгжлийн гарц болон телевизийн салбарт тулгамдаад буй асуудлуудын тухай хэлэлцэх гэнэ. Уншигчиддаа сонирхуулахад уг хурлын үеэр BBC, Deutsche Welle болон дэлхийн телевизийн салбарыг чиг хандлагыг тодорхойлогч томоохон байгууллагуудын төлөөлүүд оролцож илтгэл тавих ажээ. Бид уг хуралтай холбоотой мэдээллийн дэлгэрэнгүүг тун удахгүй та бүхэнд хүргэнэ.