Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн хэвтэн эмчлүүлэх Б блокийн зарим тоног төхөөрөмжийг Бүгд найрамдах Австри Улсын долоон сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан билээ.
Энэ хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний олон төслийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай Австри улсын “АМЕ интернэйшнл” компанийг сонгон, төслийг гүйцэтгүүлэхээр болсон.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, “АМЕ интернэйшнл” компани өнгөрсөн хугацаанд харилцан мэдээлэл, санал солилцож, эрчимтэй ажилласны үр дүнд эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг богино хугацаанд эхлүүлэхээр болж, өнөөдөр талууд төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа Л.Баттөр, “АМЕ интернэйшнл” компанийн захирал Штремитцер нар болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь уг төслийг хэрэгжсүүлсэнээр олон улсын стандартад нийцсэн хүчилтөрөгч, хийн хангамжийн системтэй агаарын урсгал бүхий class 100, level-1 түвшний вакуум хагалгааны дөрвөн өрөө ашиглалтад оруулах юм. Ингэснээр эрхтэн шилжүүлэх мэс заслыг хийх боломжтой болж байна.
ТТАХНЭ нь иргэдэд үйлчлэх цар хүрээгээ өргөжин тэлэхэд энэ төсөл чухал ач холбогдолтой юм.