БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санаачлан өвлийн гурван сарын хугацаанд Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи, мэдээллийн төвийг ажиллуулахаар болсон. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат уг төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Тэрбээр “Ирэх сарын 1-нээс гэр хорооллын өрхийн шөнийн цахилгааны тарифийг тэглэнэ. Энэ хөнгөлөлтөө эдлэхэд нь иргэдэд туслах зорилгоор энэ төвийг нээлээ. Мөн иргэдийг байгальд ээлтэй технологи, бүтээгдэхүүнийг худалдан авахад эсвэл худалдан борлуулахад нь дэмжлэг үзүүлэх “Ногоон зээлийн сан”-г байгуулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ сан байгуулагдсанаар иргэд уян хатан нөхцөлтэй, урт хугацааны зээлээр хүссэн бүтээгдэхүүнээ авах боломжтой” гэв.
Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи, мэдээллийн төвийн үйл ажиллагааг цаашид улам өргөжүүлж, гэр хорооллын иргэдэд ойр байлгах зорилгоор 6 буудлын “Оргил” худалдааны төв, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” худалдааны төв зэрэг байршлуудыг судалж байна.
Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи, мэдээллийн төв мягмар гарагаас бусад өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд ажиллаж эхэлжээ.
Сэтгэгдэл (1)