“Өгөх Өдөр Хөдөлгөөн” ТББ нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг Монгол түмний нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгч, нийгмийн сайн үйлсийг нэгээр нэмэхээр “ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Анх 2010 оны 11 сарын 1-ний өдөр хүнд өвчин туссан Э.Удвал охинд зориулан “Том Болоорой Удвал” нэртэй кампанит ажил өрнүүлэн, монголын ард түмний өглөгч сайхан сэтгэлийн үр дүнд Удвал охины эмчилгээний зардалд 25 сая төгрөгийг цуглуулж байсан.
Энэ жилийн хувьд охидыг хүчирхийллээс хамгаалах, охиддоо хайр, халамж, хамгаалалт өгөөч ээ гэж аавууд, залуучуудаа уриалахаар “Өгөх Өдөр Хөдөлгөөн” ТББ, “Лантуун Дохио” ТББ-тайгаа хамтран "Нүдээ нээ" үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлэн ажиллаж байна.
“ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР”-ийг анх БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан санаачлан найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.