Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй урьдчилан сэргийлэх хилийн хөдөлгөөнт бүлгийн зургаадугаар ээлж 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 13-ны хооронд Монгол Улсын баруун хэсгийн Увс, Завхан аймгийн хилийн 3 ангиудын бие бүрэлдэхүүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлээд ирлээ.
Уг хөдөлгөөнт бүлгийг ТТАХНЭ-ийн нүдний их эмч, дэд хурандаа Б.Баттуяа ахлан гэмтлийн их эмч, хошууч Б.Нарансүх, дотрын их эмч, хошууч А.Туяа, дүрс оношлогооны эмч, хошууч Л.Буянтогтох, шүдний эмч, дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн их эмч, дэслэгч Г.Гэрэлцэцэг, мэдрэлийн их эмч, дэслэгч Л.Болорчимэг нарын нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан юм.
Анги, заставуудын бие бүрэлдэхүүнд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо хийж, архаг хууч өвчнийг эрт илрүүлэх, эрүүл мэндийн хяналтын үзлэг, тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна эрүүл мэндийн сургалтуудыг зохион байгууллаа.
Бие бүрэлдэхүүнд эмнэлгийн тусламжийг ЭХО, зүрхний цахилгаан бичлэг хийж, зөвлөгөө өгч, эм тарианы нөөцтэй үйлчилж, газар дээр нь шүд авч, буглаа нээж, эмийн эмчилгээ эхлүүлж байсанд хилчид сэтгэл өндөр байсан.
Үзлэгт нийт бие бүрэлдэхүүний 90 гаруй хувь нь хамрагдсан бөгөөд өвчлөлийн тохиолдлоор нь авч үзвэл шүд, хоол боловсруулах замын өвчлөл, нуруу мэдрэлийн гаралтай өвчлөл, мэс заслын зэрэг эмгэг тэргүүлж байна.
Тиймээс цаашид хилийн ангийн эмнэлгүүдийн өрөөг стандартын дагуу тохижуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, тамхины хэрэглээ, зөв хооллолт, амны хөндийн эрүүл ахуйн талаар сургалт сурталчилгааг тогтмол явуулах, мэргэжлийн байгууллагатай хамтран үе шаттайгаар зохион байгуулах зэрэг асуудлууд нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй байгааг эмч нар онцоллоо.